Багшийн мэргэжил дээшлүүлэлт


Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд багш нарыг бэлтгэх, тэдний бүтээлч чадвар, оролцоог нэмэгдүүлэхэд туслах ба Монгол улсын засгийн газрын “Цахим монгол” хөтөлбөр, БСШУЯ-ны мастер төлөвлөгөө, боловсролын байгууллагуудын МХТ-ийг сургалтанд нэвтрүүлэх, е-Багшийг бэлтгэх зэрэг зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг дараах хэлбэрүүдээр зохион байгуулж эхэллээ. 

Үүнд: 
1. Бүсчилсэн ба тухайн орон нутагт 
2. Нийслэлд төвлөрсөн байдлаар 
3. Танхимын болон онлайн хэлбэрийг хослуулах 
4. Онлайн хэлбэрээр тус тус зохион байгуулна. 

Бид танхимаар болон онлайнаар кредиттэй, кредитгүй сургалтууд явуулж байна. Кредиттэй төрөлжсөн сургалт нь БСШУЯ-ны сертификат олгодог бол кредитгүй сургалт нь Цахим сургалтын үндэсний төвийн сертификат олгодгоороо ялгаатай юм. 

Кредиттэй төрөлжсөн сургалтыг эхний ээлжид дараах хоёр чиглэлээр зохион явуулж байна. 

1. “Сургалтын цахим материал боловсруулах аргазүй” 
/Ерөнхий болон мэргэжлийн боловсролын багш нар мэргэжил харгалзахгүй оролцоно./ 
2. “Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн боловсролын дидактикийн шинэчлэл” 
/Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нарт зориулсан сургалт юм./ 

Цахим материалыг сайн төлөвлөж, төлөвлөсний дагуу сайн боловсруулж, сургалтанд үр бүтээлтэй хэрэглэж сургалтыг зохион байгуулж сургах нь багш нарын нэн тэргүүний хэрэгцээ, зорилт болжээ. 

Иймд бид сургалтанд мэдээлэл харилцааны технологийг ашиглах арга барил, хялбар програм хангамжийг электрон сургалтын технологи, онлайн сургалтын арга, хэлбэрийг танилцуулж, дадлага хичээл явуулах байдлаар сургалтыг явуулах нь үр дүнтэй болно гэж үзэж байна.

Онлайн сургалт нь хугацаа харгалзахгүйгээр тогтмол зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл та хэзээ ч бүртгүүлж сургалтанд хамрагдах боломжтой. Бүртгүүлэн нэвтрэх эрх авснаас хойш 1 сарын хугацаанд эрх хүчинтэй байна.

Кредиттэй сургалтын хөтөлбөрийг 2011-2012 оны хичээлийн жилд мөрдөнө. Танхимаар болон хосолсон хэлбэрээр суралцагч нь ЕБС-ийн сурагчдын амралт бүр тус тус зохион байгуулна. 


Цахим сургалтын үндэсний төв