МХТ багшийн хөгжилд


Багшийн хөгжил-Мэдээлэл харилцааны технологи

TAMIR KHUJUU

/Associate Professor, Ph.D/ Vice-President for Academic Affairs and Cooperation

Л.БУЯНЖАРГАЛ

ХААИС, Байгалийн Ухааны Сургууль, Ахлах багш

Б.БОЛОРМАА

ХААИС, Байгалийн Ухааны Сургууль, Ахлах багш

AbstractБагшийг хөгжүүлэх үйл ажиллагааг нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, нийгмийн үнэт зүйлс, үнэлэмжийн шинэ хандлагаас үүдээд Монголын боловсролын эрхэм зорилго хийгээд боловсролын тогтолцоонд гарч байгаа зарчмын өөрчлөлттэй уялдуулна гэж үзэж байна.

      Өөрөөр хэлбэл хүн төвтэй нийгмийн хөдөлгөгч хүч нь боловсрол гэж үзэж боловсролын зорилго нь эрдэм боловсролтой, бүтээлч, төлөвшсөн хүнийг бэлтгэхэд иж бүрэн чиглэх болж, тогтолцоо, зарчим, арга технологийн хөгжилд өөрчлөлт шинэчлэл хийгдэж байгаа билээ.

Боловсролын болон сургалтын шилдэг аргазүй, технологи, тэргүүн туршлагыг илрүүлэх, бойжуулах, дамжуулах, нутагшуулах замаар төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагад дэмжлэг үзүүлэх түвшний ажлуудыг багшийн хөгжилд шууд чиглүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой бодлого чиглэлд хөтлөх шаардлага ч байна.

          Багш нарыг шинэ санаачлагад хөтлөх, санаачлагын үр дүнд шилдэг арга, технологийг бий болгох, тэрхүү сургалтын үр дүнтэй арга, технологи, тэргүүн туршлагыг цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан байдлаар түгээх, ярилцах, суралцах тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болж байна.

          Ийм тогтолцоог мэдээлэл харилцааны технологи(МХТ) хэрэглэн бий болгож, хөгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мультимедиад суурилсан сургалтын материал, онлайн сургалтын арга, хэрэгслүүдийг өргөн ашиглах боломжийг бий болгох, технологиор дэмжих тухай бодлогын асуудлыг энд авч үзнэ.

 

Keywords—Боловсрол, Багшийн чадамж, арга технологи

 

Удиртгал

       Монгол улсын Засгийн газар, БШУ Яамнаас  “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Багшийн хөгжил”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж боловсролын чанарын шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна.

   Хөтөлбөрүүдийн үндсэн стратеги нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тийм арга технологийг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, хөгжүүлэх явдал юм.

      Дээрх хөтөлбөрүүдийн зориултуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын болон сургалтын шинэ технологийг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн МХТ-ийн шийдлийг боловсролын салбарт тэр тусмаа багшийн байнгын хэрэглээ болгох замаар багшийн хөгжилд нөлөөлөх асуудлыг чухалчлан үзэж байна.

Өөрөөр хэлбэл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх үүднээс багшийг чадавхижуулах, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах явцад бий болох шинэ арга зүй, технологи болон өмнө нь бий болсон арга технологийг Монголын багш нарт түгээх, дамжуулах, дэмжих тогтолцоо хэрэгтэй байна.

     

1. Багшийн хөгжлийн бодлого-МХТ

      Монгол хүүхдийн оюун ухаан, бие бялдар, эрүүл мэнд, төлөвшил, авьяас чадвар, ажил мэргэжлийн чиг баримжаанд тодорхой ахиц гарахаар боловсролын үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг бий болгохыг зорьж байна. Эл зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшийн хөгжлийн асуудлыг бодлогын төвд тавих шаардлага байна.

      Шинэчлэлтэй холбоотой аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шинэчлэгдэж буй тогтолцоог бүхэлд нь харж, өөрчлөлтийн үйл явцыг тасралтгүй үнэлж байх нь чухал юм. Тэр үүднээс асуудалд хандаж багшийн хөгжлийн талаарх бодлого гарсан гэж үзэж болно.

Монголын 27000 багшийг мэргэжил, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, нийгмийн шинэ харилцаанд идэвхтэй оролцож, өөрийн мэдлэг, боловсролоо өргөжүүлэн гүнзгийрүүлэх боломж олгох үйл ажиллагааг зохион байгуулах нь “БАГШИЙН ХӨГЖИЛ”-ийн чиглэлд хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа болно.

Боловсролын салбарын шинэчлэлд МХТ маш их үүрэгтэй гэдгийг ЮНЕСКО-гоос гаргасан Багшийн МХТ-ийн чадамжийн хүрээг тодорхойлох зөвлөмжид дурдсан байна. Учир нь технологийн үсрэнгүй хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад багш МХТ ашиглан сургалтынхаа арга барилыг өөрчлөх, ингэснээр мэдлэгт суурилсан нийгэмд суралцагч нь идэвхтэй иргэн, улс орондоо хэрэгтэй боловсон хүчин болж төлөвших, амьдралдаа хэрэглэж болохуйц мэдлэгийг бүтээнэ гэж үзэж байна.

МХТ-д суурилсан сургалтын үндэс нь сургалтын цахим агуулга хөгжүүлэх, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх (танхимын болон цахим сургалт зохион байгуулах болон хамрагдах) явдал билээ.

     

      Энэ үүднээс “Багшийн хөгжлийн төвүүдийг мэдээ мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, цахим сургалтын арга хэрэглэгдэхүүн, шинэлэг арга, тэргүүн туршлагаар дэмжих, мэдээллийн цахим сүлжээ байгуулах, МХТ-ийг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх” тухай “Багшийн хөгжил хөтөлбөр”-т туссан бөгөөд энэ ажлын үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байна.

      Бид өрсөлдөөнт, зах зээлийн нийгэмд амьдарч байгаагийн хувьд багшийн боловсруулсан шилдэг тэргүүний технологи, цахим агуулга(хэрэглэгдэхүүн) болон бусад эх сурвалжийг нийтэд түгээж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тухайн багшийн хувьд санхүүгийн болон нэр хүндийг нэмэгдүүлэх г.м хөшүүргүүдийг бий болгож чадна.

     

Асуудал ба шийдэл:

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Катз, Фуллер, Бюрдений багшийн хөгжлийн онолуудад ч эхний жилүүддээ багшилж байгаа багшийн хөгжлийг нэлээд чухалд тооцон авч үзсэн байна[3]. Өнөөдөр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” нь дээрх үүргийг хүлээсэн үндсэн нэгж бөгөөд багшийн хөгжлийг дэмжих, зөвлөн туслах үйл ажиллагааг бодлогын дагуу зохион байгуулж байна.

БМДИ нь үндсэн болон захиалгат сургалтуудыг явагддаг бөгөөд үндсэн сургалт нь эхний жилдээ, 5 болон 10 жил багшилсан багшид зориулсан сургалтууд байна. Гэвч нэг багшид тооцох зардал дунджаар 600,000₮ төсөвлөгджээ.

Харин багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд БШУ-ы яаманд бүртгүүлсэн хөтөлбөрөөр олон нийтэд зарлагдсан хуваарийн дагуу богино хугацааны эрхийн бичгийн сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ нь мөн л цаг хугацаанаас хамаардаг (ихэнхдээ ЕБС-ийн амралтын хугацаанд зохион байгуулагддаг).

Судлаачид мэргэжлийн бүлэг, онлайн сүлжээнүүд нь багш мэргэжлийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, туршлагаа хуваалцах хамгийн том талбар болдгийг тодорхойлжээ [2].

Иймд дээрх зардал мөнгө, цаг хугацааны болон бусад бэрхшээлийг даван туулах гол хүчин зүйл бол технологид тулгуурласан, багш ажлын байран дээрээ хөгжих боломжтой онлайн зайн сургалтууд байна. Энэ төрлийн сургалтыг байнга тасралтгүй явуулснаар мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хамгийн бага зардлаар, нийтэд хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ. Мэргэжлийн чиглэлээр болон багшийг мэргэшүүлэх, хөгжүүлэх чиглэлийн дагуу мэдээлэл цуглуулах, хаана, хэзээ, ямар сургалтанд суух, ямар чиглэлээр  хэний ямар ном зохиол, гарын авлага, зөвлөмжийг уншиж судлах, хаанахын ямар багшийн арга туршлагыг судалж ажилдаа нэвтрүүлэх, хамтран ажиллах, ямар эрдэмтэн мэргэд, судлаач хүмүүсээс тусламж зөвлөгөө авах зэргээ өөрөө сонголт хийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх боломжоор хангагдана.

      Хэдхэн жилийн өмнө манай улсад багшийг хөгжүүлэх, чадавхжуулах ажил хамрах хүрээний хувьд явцуу, багш нарын цөөн хэсгийг хамардаг, цаг үеийн, хэсэгчилсэн шинжтэй байсан[1] бол өнөөдөр, боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх тал дээр багш нар, сургуулиуд, багш бэлтгэх тогтолцоонд болон төрийн бодлогын хэмжээнд анхааран ажиллаж байна.

      Төрөөс боловсролын салбарыг Монгол улсын хөгжлийг тодорхойлох салбар болгон зарлаж, гол хөдөлгөгч хүч болсон багш нараа чадавхжуулах, хөгжүүлэх тал дээр шат дараалсан арга хэмжээ явуулж байнагийн нэг нь 2012 онд БШУ-ны сайдын тушаалаар батлагдсан “Багшийн хөгжил” хөтөлбөр бөгөөд үндсэн зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино.[1]

     Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлага олон нийтийн хүртээл болгох нь багшийн ниймийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай. Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна [4].

 

2. Багш бэлтгэх үйл ажиллагаа - МХТ

 

      Багш болохоор бэлтгэгдэж байгаа оюутныг чадвартай мэргэжилтэн болгож төгсгөх, одоо ажиллаж байгаа багшийн  мэргэжил мэдлэгийг байнга дээшлүүлэх, хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүд явуулж байгаа бөгөөд МУБИС багш бэлтгэх түвшинд МХТ-ийг сургалтад хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэх чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхлэж байна.

Багш нарыг тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагааг багш мэргэжлээр суралцаж буй оюутны чадамжтай холбоотой эхлэх бөгөөд оюутнууд суралцах хугацаандаа багш гэж хэн болох, өөрийн гэсэн багшийн арга зүйтэй болох, арга зүйгээ хэрхэн хөгжүүлэх, хөтөлбөрөө яаж боловсруулах талаар мэдлэгтэй, шинэ технологиудыг эзэмшсэн, ажилдаа хариуцлагатай санаачлагатай ханддаг, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, МХТ-ийн өндөр чадамжтайгаар бэлтгэгдэхээс гадна, сурган хүмүүжүүлэх ухаан болон мэргэжлийн дидактикийн хичээл судалж байгаагийн хувьд дараах чадваруудтай болж гарах нь зүйтэй юм.

· Дидактик шаардлага хангасан хичээлийн цахим агуулга бэлтгэх чадвартай болох

· Зайн сургалтад хамрагдах, онлайн орчинд ажиллах чадвартай болох

· Цахим төхөөрөмж ашиглах, хэрэглээ болгох чадвартай болох

Багш бэлтгэх сургалтын процесст сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглахаас гадна сургалтын агуулга удирдах систем, онлайн сургалтын системийг хэрэглэх, магистр, докторын сургалтын онлайнаар зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд 3 улирал, цаашлаад улиралгүй систем хэрэгжүүлэх боломж байна.

Хөрвөх мэргэжлийн сургалтад тухайлбал, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй хүнийг Гадаад хэлний багш боловсрол эзэмших боломжийг бий болгоход МХТ-ийг хэрэглэх ажил хийгдэж байна.

 

Асуудал ба шийдэл:

 

Өнөөдөр багш бэлтгэх сургалтын тогтолцоонд МХТ-ийг сургалтад хэрэглэх чадвар эзэмшүүлэх тал дээр олсон ололт амжилт бага, хөгжил сул байна.

Сургалтын агуулга бэлтгэх програм хангамж, онлайн зайны сургалтын систем, тэр бүү хэл бүртгэл мэдээллийн систем нь бүрэн хэрэгжээгүй байна. Үүнийг өөрчлөхөд сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг шинэчлэх багшийн хөгжлийн бодлого үйл ажиллагаатай уялдуулах, мэргэжилтний загварыг тодорхойлох, цахим сургалтыг нэвтрүүлэх, сургуулийн МХ-ны дэд бүтцийг шинэчлэх ажлуудыг хэрэгжүүлэх зүйтэй.

Хамгийн гол зүйл нь мөн багш бэлтгэх сургуулийн багшийн хөгжлийн асуудал болсон байна.

 

3. Багшийн тасралтгүй хөгжил-МХТ

  Аливаа суралцах үйл бидний насан туршид явагдаж байдаг билээ. Нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролыг насан туршдаа эзэмших шаардлага шинжлэх ухаан технологийн хөгжлийн их хурдтай хөл нийлүүлэн алхах иргэний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ингэснээр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд аль ч салбарт эерэг хандлагууд нэмэгдэж, тэр хэрээр улс орны хөгжил, хүний өөрийн амьдралын чанар нэмэгдэнэ.

Эрдэм боловсролтой, бүтээлч, төлөвшсөн иргэнийг бэлтгэх бүхий л үйл ажиллагаанд боловсролын орчин үеийн технологийг бий болгох, технологийн нөөцийг бүрдүүлэх, түгээх, нутагшуулах замаар технологид суурилсан боловсролыг хөгжүүлэхэд чиглэх нь зүйтэй гэж үзэж байна.

 Энэ чиглэлд арга зүй, технологийн нэгдсэн нээлттэй сан болох “Багшийн хөгжил” портал сайт www.teacher.sur.mn, сургалтын нээлттэй нөөц материалын портал www.oer.edu.mn, багшлах ур чадварын нээлттэй хичээлийн уралдаанд сайт www.urchadvar.itpd.mn, боловсролын болон сургалтын технологийн сан бүрдүүлэх зорилготой  Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан  www.etd.edu.mn, багшийг бүртгэх багш боловсролын байгууллагын ажилтны бүртгэл мэдээллийн нэгдсэн систем зэрэг онлайн эх сурвалжуудыг бий болгож хэрэглээ болгох үйл ажиллагаанд багш бэлтгэх сургуулийн хувиар оролцож, зарим төслийг гардан хэрэгжүүлж байна.

Багшийн хөгжил портал сайтын хувьд багшийн бий болгосон, хэрэглэж байгаа технологийг  нээлттэй санд байршуулж, түүгээр дамжуулан багш нарын шилдэг туршлага, арга зүйг түгээснээр багш өөрөө ярилцагч, суралцагч, агуулга хөгжүүлэгч, мэдээлэгч байж чадах ба энэ замуудаар дамжуулан өөрийн бий болгосон шилдэг технологийг бусдад хүртээсэн хэрээрээ оюуны үнэлэмжээ нэмэгдүүлэх, үнэлүүлэх боломжоор хангагдахаар ажиллаж байна.

Багшийг бүртгэх багш боловсролын байгууллагын ажилтны бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болсноор хугацааны давтамжтай, бодлогоор явуулах мэргэжил дээшлүүлэх сургалт(жишээ нь эхний, 5 болон 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн сургалт)-ад хамрагдах багшийн тоо, байрлалыг тодорхой мэдэх боломжтой болж, ингэснээр багшийн мэргэжил дээшлүүлэх ямар хэрэгцээ, хаана, хамгийн их байгааг төвөггүй тодорхойлж, ажиллах чигээ гаргах боломжоор хангагдана. Мөн Улсын хэмжээнд дутагдалтай байгаа багшийн орон тоог сангаас гаргаж авснаар багш бэлтгэх тогтолцоо(хяналтын тоо)-ны бодлоготой уялдуулах боломж олгоно гэж үзэж байна.

Дээрх ажлуудаас сургалтын шинэ технологийг дамжуулах, багшийг чадавхжуулах үндсэн үүрэгтэйгээр 2013 онд нээгдсэн “Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан” (БТХҮС)-г  өнөөдөр системийн түвшинд хөгжүүлж байгаа бөгөөд бид зөвлөх гүйцэтгэх түвшинд оролцож байна.

Дээрх нээлттэй сан багш ажлын байрэн дээрээ байнга бусдаас суралцах боломж олгож тасралтгүй сурч, хөгжиж, өөрийн арга технологийг сайжруулж, тэр хэрээрээ нийгмийн байр сууриа бэхжүүлэх, оюуны бүтээлээ үнэлүүлэх давуу талаар хангагдана.

Багшийн хөгжлийг дэмжих, түүнээс хөгжихийг шаардах асуудлын хөшүүрэг нь багшийн үнэлгээний шалгуур үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл, үнэлгээний шалгуур үзүүлэлт нь нэг талаас багшийн хөгжлийг "идэвхижүүлэгч", нөгөө талаас багшийг хөгжихийг "шаардагч" болдог [1]. Тийм ч учраас 2013 онд нээгдсэн БТХҮС -гийн нээлт дээр БШУ-ны сайд Л.Гантөмөр "Боловсролын чанар багшийн хөгжлөөс шууд хамаарна. Одооноос эхлэн сургалтыг үр дүнтэй, чанартай болгосон технологи, ноу хауг бүтээсэн багшийн оюуны үнэлэмжийг үнэлдэг болох гэж байна” гэж онцолжээ.

 

Асуудал ба шийдэл:

 

Багшийн тасралтгүй хөгжлийг хангахад МХТ-ийн боломжийг ашиглах тал дээр ахиц гарч байгаа.

Энэ талаар баримталж байгаа зарчим хэрэгжүүлж байгаа томоохон ажил болох боловсролын аргазүй, технологиор багшийг тасралтгүй хөгжүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл, түүнийг МХТ-иор дэмжих талаар энд авч үзэв.

 

Чиглэл

МХТ-оор дэмжих,

Боловсролын технологийг бий болгох

(Боловсролын технологийг бий болгох тогтолцоог хөгжүүлж, удирдах үйл ажиллагаанд МХТ хэрэглэх)

Боловсролын технологийн нөөцийг бүрдүүлэх

(Боловсролын технологийн цахим сан бий болгож хөгжүүлэх үйл ажиллагаанд өгөгдөлийн сан бий болгох)

Боловсролын технологийг түгээх, дамжуулах

(Боловсролын технологийг нийтэд нээлттэй түгээх, эсвэл тодорхой зорилтот бүлэгт үе шаттай дамжуулах үйл ажиллагаанд онлайн платформ бүтээх)

Боловсролын технологийг нутагшуулах

(Технологийг хэрэгжүүлэх, өөрийн болгоход аргазүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэлтийн чанар, үр дүнг үнэлэх үйл ажиллагаанд онлайн сургалтын систем нэвтрүүлэх)

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хувьд

· Боловсролын технологийг дамжуулахад мэдээлэл, холбооны технологид суурилсан зайны сургалт болон зөвлөх үйлчилгээний үндэсний сүлжээг бий болгох

· Боловсролын технологи бий болгож, түгээн дэлгэрүүлж байгаа байгууллага, баг, багшийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах

· Боловсролын технологийг дамжуулах, түгээн дэлгэрүүлэхэд хэрэглэгдэх ном, гарын авлага, зөвлөмж, электрон материалыг бэлтгэх

· Боловсролын технологийн дамжуулалт, хэрэгжүүлэлтийн чанар, үр дүнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх

· Боловсролын технологийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах

· ЕБС, цэцэрлэгийн багш нарын сургалтын үр дүнтэй технологи бий болгоход чиглэсэн бүтээлч санаачлагыг дэмжих, тэргүүний арга барил, туршлагыг судлан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Технологи бий болгогч багш маань санд бүртгэгдэн, нийтэд хамгийн их дэлгэрүүлж чадсан бүтээл нь багшийн үнэлгээний шалгуурт нөлөөлөх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн багшийн зэрэг (арга зүйч, тэргүүлэх, зөвлөх) нэмэх үндэслэл/шалгуур-ын нэг хэлбэр нь тус санд байршуулсан технологийн нийтэд түгсэн байдал байж болох гэх мэт шийдэл хүлээгдэж байна.

 

ДҮГНЭЛТ

Монгол улсын багш бүр мэдээлэл хүлээн авах, дамжуулах, санаачлагч болох, онлайн орчинд өөрийн шилдэг санаа, шинэ арга зүй технологийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүнийгээ үнэлүүлэх, багш ярилцагч байх, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлагаа баяжуулах зэрэг олон шинэ боломж бий болж байгаа бидний давуу тал юм.

Гэвч боловсролын технологи бий болгох, түгээх, дамжуулах, нутагшуулах, үр дүнг үнэлэх иж бүрэн тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах ажлыг эрчимжүүлэх Багшийн хөгжлийг МХТ-иор дэмжих шаардлага байна.

Мөн “Төлбөрт үйлчилгээний үнэ, тогтолцоог бий болгох” бизнес загварын дагуу ердийн болон онлайн үйлчилгээний төлбөр тооцооны систем боловсруулж, хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны уялдаа холбоо, тогтвортой байдлаас гадна хамгийн чухал нь үүнд эрх зүйн зохицуулалт, бодлогын яам, бусад газруудын оролцоо хамгийн чухал нь юм.

 

Ном зүй

[1] Б.Гэрэлчимэг, (2006). Багшийн хөгжил

[2]     Stoll, L., Bolam, R., McMahon, A., Wallace, M., and Thomas, S. (2006). Professional Learning Communities: A Review of the Literature

[3]     Shane.B, Teacher Development (2011)

[4]     “Багшийн хөгжил” хөтөлбөр. БШУ-ы сайдын 2012/11/22 өдрийн А/136 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

[5]     “Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх технологи” http://www.etd.edu.mn/c/7#.U1YSqVWSw33

[6]“Багшийн МХТ-ийн чадамжийн хүрээ” ЮНЕСКО



[1] “Багшийн хөгжил” хөтөлбөр. БШУ-ы сайдын 2012/11/22 өдрийн А/136 тоот тушаалын нэгдүгээр хавсралт