Багш ажлын байранд хөгжих байдлын тухай ойлголт


Багшийн хөгжлөөс боловсролын, хүний, улсын, дэлхийн хөгжил хамаатай болохоор нэг талаас багшаа хөгжүүлэх бодлого, нөгөө талаас багш нар өөрсдөө хөгжих зүтгэл чухал юм.
Багш Танд цэгцтэй цогц мэдлэг, түүнийгээ боловсруулах чадвар, гадаад хэлний болоод техник технологийн өндөр мэдлэг, бусдад зааж хүргэх сайн арга, хамгийн гол нь сайхан харилцаа, зөв ёс суртахуун, өөдрөг цоглог зан, хариуцлагатай бүтээлч зуршил, эрүүл сайхан бие, үлгэрлэн дагуулах зөв амьдрал аль аль нь байна уу?. Багш өнөөдөр ийм байх ёстой.
Багш нар өөрсдөө нийгмийн хөгжиж байгаа хурдаас илүүтэйгээр хөгжиж байж бусдыг сургана. Тухайлбал, монгол хэлний багш гэхээр л зөвхөн монгол хэл, уран зохиол, монгол бичиг заагаад байх биш давхар бусад салбарыг судалж ашиглаж чаддаг байх олон талын мэдлэгтэй оюуны өндөр чадвар шаардаад байх шиг.
Хичээлүүдийг хооронд нь сонирхолтой байдлаар холбож чадаж байгаа багш нарт сурагчид илүү их хичээлийг анхаардаг. Сурах сонирхол их байдаг. Өнөөгийн нөхцөлд сурагчийг чи сур гэх биш яагаад сурах ёстойг ойлгуулж сурагчийн хүсэл сонирхлыг сурах хүслийг бадрааж байж хамтарч суралцах байх гэж бодож байна.
Боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм. Боловсролын шинэчлэл нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт больжээ. Боловсролын харилцаанд оролцогч талуудын хамрах хүрээ, үйл ажиллагааны чиг хандлагад ч өөрчлөлт гарч боловсролын үнэлэмж нь нийгмийн эрэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ эрх ашигт илүүтэй чиглэх болж байна. 
Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил гэдгийг философич Я.Л.Канке судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар боловсруулжээ. 
Суралцах үйлийн конструктивист чиглэл нь суралцагчид өмнөх мэдлэгтээ түшиглэн өөрөө шинэ мэдлэг бүтээх учиртайг онцолдог бөгөөд энэ нь багшийн суралцах, хөгжих үйлэнд ч хамааралтай. Багшийн хөгжил бол багш хэрэгцээ шаардлага хангахгүй болсон мэдлэг арга барил хандлага зэргээсээ ухамсартайгаартатгалзаж, мөн хэрэгцээтэй байгаа шинэ мэдлэг арга барил зэргийг ухамсартай эзэмшиж авах бүтээлч үйл явц. 
Багшийн ажлын байранд хөгжих нь дараах 2 арга хэлбэрээр явагдана. 
1.Улс, нийгмээс багшийг хөгжүүлэх арга хэмжээ 
2. Багш өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээ 
Үүний хоёр дахь арга хэлбэр болох багшийн өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээний талаар цааш нь тодруулан авч үзье. Багшийн өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа нь олон чиглэлтэй. 
• Багш хүн өөрийнхөө мэдрэмжийг хөгжүүлэх,
• Сурган хүмүүжүүлэх ажилдаа хандах хандлагаа өөрчлөх, 
• Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ёс зүйн харилцааны соёлоо төгөлдөржүүлэх, 
• Багш хүн судлаач байх 
• Багш ажлын байранд хамтран сурах
Бие хүний хөгжлийг яв цав хэмжиж болохгүй ч нэг төлөв байдлаас нөгөө төлөв байдалд шилжин өөрчлөгдөж, шинэчлэл хийж байгаа хүнийг хөгжиж байна хэмээн үзэж болох юм. Боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм. 
Сэтгэлгээг гаднаас удирдан шинэчлэх гэсэн оролдлогоор үр дүнд хүрэх боломж тун эргэлзээтэй. Одоогоор хийгдэж байгаа багш нарт зориулсан олон төрлийн сургалт нь нэг ёсондоо ухуулан таниулах, ойлгуулах, мэдрүүлэхэд чиглэж байна. 
Багш бүр мэдэрч ухаарч авбал учир бий. Хүн ер нь оюуныхаа тулах цэгийг зөв олбол сэтгэлгээнд нь ч, санаж сэдэхэд нь ч, улмаар сайн сайхан ажиллаж амьдрахад нь ч хязгааргүй боломжийг нээнэ. Багш бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой учраас асуудлыг шийдвэрлэх, аливаад хандах хандлага нь ч өөр өөр байх биз. Гэхдээ л багш бүрийн өөрийгөө мэдрэх, нээн илрүүлэх идэвхтэй оролцоо л боловсролын шинэлэлийн гол хүчин зүйл болно.

Мэдээлэл оруулсан   Архангай Өгийнуур сум багш Бямбасүрэн